Бүртгүүлэх

Бүртгүүлэх

“Хөхягаан өдөр” (Purple day)

| Ж. Сарангэрэл

2008 онд Cassidy Megan гэдэг 8 настай, эпилепситэй охины санаачлагаар энэ өдрийг анх тэмдэглэж эхэлсэн. 7 настайдаа эпилепсийн уналт таталт өвчтэй гэдгээ мэдээд, их ганцаардаж, хүмүүст мэдэгдэхээс ичиж, ганцаараа л ийм өвчтэй юм шиг бодож их шаналдаг байжээ. Ээж нь энэ байдлаас нь гаргахын тулд сургууль дээр нь “Шинэ Шоттландын Эпилепсийн Нийгэмлэг” гэх Канадын нийгэмлэгийн хүмүүсийг авчирч, эпилепсийн талаарх сургалт хийснийг ангийнх нь хүүхдүүд нээлттэй хүлээн авч, эпилепсийн талаар сонирхож эхэлжээ. Энэ байдал Cassidy-д сэтгэлийн дэм болж, ангийнхандаа, сургуулийн бүх хүмүүст хандаж, эпилепси өвчтэй гэдгээ хэлсэн байна. Үүнээс хойш ангийнхан нь, сургуулийнхан нь түүнд элгэмсэг дотно хандаж, сэтгэл санаагаар дэмждэг болжээ.

Нэг өдөр ээжтэйгээ ярилцаж, дэлхий дээр ядаж ганц өдрийг эпилепситэй хүмүүст зориулан тэмдэглэж, тэр хүмүүсийг ганцаараа биш гэдгийг мэдрүүлж, бусад хүмүүст мөн эпилепсийн талаар зөв ойлголт өгөхийг хүсч байгааг илэрхийлжээ. Ингээд, эхний ээлжинд сургууль дээрээ 3 сарын 26-нд өдөрлөг зохион байгуулахаар болж, тэр өдөр бүх хүмүүсийг хөхягаан өнгийн хувцас өмсөхийг хүсчээ. Хөхягаан өнгө сонгосны учир нь гэвэл, дэлхийн зарим улсад хөхягаан өнгийн лаванда цэцэг нь ганцаардал, уйтгарлалын бэлэг тэмдэг болдог юм байна.

Анх “Шинэ Шоттландын Эпилепсийн Нийгэмлэг” болон Анита Кауфманны Сан гэх АНУ-ийн эпилепсийн эсрэг байгууллагууд нэгдэн, хөрөнгө оруулж, уг өдрийг тэмдэглэдэг болсноос хойш одоог хүртэл “purple day” өргөн тархаж,  эмнэлэг, сургуулиуд, албан байгууллага, Холливудын одууд, улс төрч нар 3 сарын 26-нд хөхягаан өнгийн хувцас өмсч, эпилепситэй хүмүүстэй сэтгэл нэг гэдгээ илэрхийлдэг болсон байна. Дэлхийн 20-иод оронд тогтмол “Purple day” өдрийг тэмдэглэдэг болсон. 

Cassidy охин 2014 оны 1 сард Эпилепсийн Олон Улсын Хэлтэс (IBE), Эпилепсийн эсрэг Олон Улсын Нийгэмлэг (ILAE) гэх хоёр том байгууллагад хандан, “Purple day” өдрийг Дэлхийн Эпилепсийн өдөр болгож өгөөч гэж захидал бичиж, хүмүүсийг мөн адил захидал бичиж дэмжиж өгөөч гэж уриалсан. IBE ба ILAE нь олон улсын эпилепсийн өдрийг жил болгоны 2-р сарын 2 дахь даваа гарагт байхаар тогтож, 2015 оноос эхэлж тэмдэглэж эхлэхээр болсон байна. 2015 оны 2 сарын 9-нд уг өдөр тохиож байна. 

2008 оноос хойш “Хөхягаан өдрийг” өргөнөөр тэмдэглэж ирсэн. Веб хуудас дээр “Purple day” тэмдэглэхэд ашиглаж болох бүхий л гарын авлага, номын хавчуурга, посткарт, ном зэргийг үнэгүй татаж авахаар байршуулсан байна. 

 

Мэдээлэл бэлдсэнГХалиун