Бүртгүүлэх

Бүртгүүлэх

Дунд насны хүмүүст илрэх танин мэдэхүйн доройтлын эрт үеийн шинжүүдийн оношилгоо

| Ж. Сарангэрэл

Аризона мужийн Фёникс хотод болсон Мэдрэл сэтгэцийн фармакологийн сургуулийн хуралд илтгэснээр, мэдрэл сөнөрөлт эмгэг болон Альцгеймерын өвчний танин мэдэхүйн өөрчлөлтийн эхлэл шинж тэмдгүүд олон жилийн өмнө илэрч болно гэж дурджээ. Дунд насны зарим хүмүүст танин мэдэхүйн доройтол ажиглагддаг ба энэ нь цусны даралт ихсэх эрсдэл хүчин зүйлтэй холбоотой гэж судалгаагаар дүгнэжээ.

Эрсдэл хүчин зүйлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал, танин мэдэхүйн доройтлоос хамгаалах боломжтой.

Хөгжилтэй орнуудад насжилт уртсахын зэрэгцээ өндөр настангууд дунд Альцгеймерын өвчин, Паркинсонизм гэх мэт тэнэгрэл, танин мэдэхүйн доройтлын шинжтэй холбоотой эмгэгүүд нь нийгмийн эрүүл мэндийн түгшүүрийн гол шалтгаан болж байна. Танин мэдэхүйн доройтлын эрчлээг буруулахын тулд олон арван жилийн өмнө эрсдэл хүчин зүйлийг таньж мэдэж, арга хэмжээ авах шаардлагатай.  

Калифорнийн Сан Франциско хотын Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн когорт судалгаанд (CARDIA) 3499 хүнийг 18-30 наснаас эхлэн 43-55 нас хүртэл мөрдөн ажиглаж, зүрх судасны эрсдэл хүчин зүйлс болон амьдралын хэвмаягийн зан үйл нь (цусны даралт ихсэх, чихрийн хэмжээ, хоолны дэглэм, хөдөлгөөн г.м.) танин мэдэхүйд хэрхэн нөлөөлөхийг судалсан. Үүнд Струпын хөндлөнгийн үнэлгээ (Stroop Interference Score), тоо тэмдэгт орлох сорил (Digit Symbol Substitution Test), сонсож үгс тогтоох Рей сорил (Rey Auditory Verbal learning Test) зэргийг ашигласан. Судалгааг дүгнэхэд, зүрх судасны өөрчлөх боломжтой эрсдэл хүчин зүйлс нэмэгдэхийн хэрээр дунд насны үеийн танин мэдэхүйн өөрчлөлтүүд нэмэгдэхийг батласан байна. Тиймээс, аль болох эрт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хожуу үеийн танин мэдэхүйн эмгэгээс хамгаалах учиртай.

Энэхүү судалгаанууд нь шинж тэмдэг эхлэхээс олон жилийн өмнөөс хөгшрөлттэй холбоотой мэдрэл сөнөрөлөийн эмгэгийг урьдчилан таамаглах боломжтойг харуулж байна. Цаашид CARDIA судалгааг 5-аас доошгүй жил үргэлжлүүлэн, тархины дүрст оношилгоог дүгнэн, танин мэдэхүйн доройтол болон тархины бүтцийн өөрчлөлтийн хамааралыг судлах төлөвлөгөөтэй байна.

 

эх сурвалж: http://www.medicalnewstoday.com/releases/286889.php 

орчуулсан: Ж. Сарангэрэл