Бүртгүүлэх

Бүртгүүлэх

"Мөр гар өвдөх хамшинж" семинар амжилттай өндөрллөө.

"Мөр гар өвдөх хамшинж" сэдэвт сургалтыг 2017 оны 11 сарын 4-нд ТТАХНЭ-ийн шинэ зааланд болж өндөрллөө. Уг семинарыг Рафаэл Интернейшнл ТББ хамтран зохион байгуулан, БНСУ-аас мэдрэлийн сэргээн засахын 4 мэргэжилтнийг урьж авчран оролцуулав. 

Уг семинарт харвалтын дараах талсаажилын үеийн мөрний өвдөлт, мөрний эргүүлэх бүлэг шөрмөсний хамшинж, наалдацат капсулит, эдгээрийн физик эмчилгээ, хэт авиан оношилгоо гэх мэт онц сонирхолтой сэдвүүдийг хөндөн, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Солонгос эмч нар өвчтөнд эмнэлзүйн үзлэг хийж, хэт авиан шинжилгээ хийн оношийг батлан, сэргээн засах эмчилгээний зөвөлгөө өгөв.  

Семинарыг зохион байгуулахад хамтран ажиллаж, үлэмж дэмжлэг үзүүлсэн Рафаэл Интернейшнл ТББ-т, мөн зохион байгуулалтанд баг болж ажилласан Д.Шүрэн, Ж.Сарангэрэл, П.Соёлмаа, Г.Гантуяа, Х.Даваадулам, Ё.Эрдэнэтуяа, Т.Мандах, Э.Сэлэнгэ болон бусад тусалсан бүх эмч, резидент нартаа талархал илэрхийлье. 

INFO2017 Олон Улсын Мэдрэл Судлалын хурал

Монголын Неврологийн Нийгэмлэгэс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэдрэл судлалын олон улсын хурал энэ жил “ЭПИЛЕПСИ БА НОЙРНЫ ЭМГЭГ” сэдвийн хүрээнд 2017 оны 8 сарын 26-27ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Корпорэйт зочид буудалд боллоо.

Монголын мэдрэл судлалын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан, энэ жил 11 дэх удаа болж буй INFO-2017 хуралд ХБНГУ, БНСУ, Япон улсаас эпилепси ба нойрны чиглэлээр ажилладаг шилдэг эмч эрдэмтэд 24 зочин багш нар хүрэлцэн ирж, Монголын мэдрэлийн эмч нарт шинэ мэдээлэл, орчин үеийн оношилгоо эмчилгээ, эрдмийн судалгааны чиг хандлагыг ололт амжилтыг танилцууллаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Сайд А.Цогцэцэг, АШУҮИС-ийн АУС-ийн Мэдрэлийн тэнхмийн багш, хүний гавъяат эмч, профессор Г.Цагаанхүү, гадаадын зочид төлөөлөгчдийг төлөөлж, ХБНГУ-ын Эрдэмтэн судлаачдын багийн ахлагч профессор А. Линднер, АШУҮИС-ийн АУС-ийн Мэдрэлийн тэнхмийн эрхлэгч Товуудорж, МНН-ийн тэргүүн Ж.Сарангэрэл нар оролцов.

Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр ЭМСайд А.Цогцэцэг баяр хүргэн, үг хэлж зарим гадаад дотоодын шилдэг эмч судлаачдыг шагнасан юм. Үүнд:

  • ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр ХБНГУ-ын иргэн, доктор, профессор Штефан Цийрц, Альфред Линднер, Япон улсын иргэн Юши Иноуэ
  • “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр эпилепси судлаач эмч, АУ-ны доктор, “Альфа долгион ” эмнэлгийн захирал Д.Баярмаа
  • ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр “Рефлекс” эмнэлгийн эмч Г.Гантуяа нарыг тус тус шагнав.

Мөн Монголын Залуучуудын Холбооны зарим шагналаар МНН-ийн дараах гишүүдийг шагнаж урамшуулав. Шагналыг МНН-ийн хүндэт гишүүн, доктор профессор Г.Цагаанхүү гардуулав:

  • “Хөдөлмөрийн алдар” медалиар АШУИС-ийн Дархан салбарын багш С.Цэеэрэгзэн,
  • “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдгээр “Идэрмэг”эмнэлгийн ерөнхий эмч Ц.Нямаа,
  • “Эв нэгдлийн мөнгөн од” тэмдгээр ХБНГУ-ын Ульмын Их Сургуулийн ерөнхий эмч Э.Пинкхардт.

ИНФО-2017-д Улаанбаатар хот, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан–Уул, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Ховд, Хөвсгөл, Төв гэсэн 13 аймгуудаас нийт 140 мэдрэлийн эмч, эпилепси судлаач нар болон мэдрэлийн чиглэлээр сурч буй резидентууд оролцлоо. Бид сургалтын өмнө ба сургалтын дараах мэдлэг шалгах сорилыг авч үзэхэд эмч нарын мэдлэг 40 хувиар ахисан байсан.

ИНФО-2017-г зохион байгуулахад Монголын талаас АШУҮИС-ийн Анагаах Ухааны Хүрээлэнгийн Мэдрэлийн сектор бидэнтэй хамтран ажилласан. Энэ ажлын хүрээнд бид Хурлын илтгэлийн хураангүй ном гаргаснаас гадна бүх илтгэлийн монгол хэл рүү орчуулсан хувилбарыг дэлгэрэнгүй ном болгон, хэвлэн гаргаж, хуралд оролцогчдод тараасан. Бүх эмч нарт 2 багц цагийн гэрчилгээ олгосон.

ИНФО-2017-д зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээг “Корпорэйт” зочид буудлын “Эвент холл” танхимд амжилттай зохион байгууллаа.

Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж, манай хурлыг ивээн тэтгэхэд гол ивээн тэтгэгч, Япон Улсын Койке Медикал компани, алтан ивээн тэтгэгч Санофи пүүс, Хүрэл спонсор КРКА, Монфа ХХК, ивээн тэтгэгч Полисан, Новартис, Мега пүүсүүд ажилласан.

Мөн манай хурлын талаар Лайк, Улаанбаатар, ТV9, Монголын Үндэсний Телевиз, TV25 суваг телевизийн сувгаар мэдээ, мэдээлэл дамжуулсан.

ИНФО-2017 хурлын үйл ажиллагаа зорилгоо биелүүлэн амжилттай болж өндөрлөлөө. ИНФО-2017 хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон ажлын хэсгийн гишүүддээ гүн талархал илэрхийлье.

“Хүүхдийн эпилепси ба хөдөлгөөний эмгэг” сургалт семинар

2017 оны 6 сарын 17-ны өдөр Бишрэлт зочид буудлын хурлын зааланд Хүүхдийн уналт таталт, хөдөлгөөний эмгэгийн үеийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, хүүхдийн ба мэдрэлийн эмч нарын  хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Хүүхдийн эпилепси ба хөдөлгөөний эмгэг" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. 

Уг семинарт түгээмэл тохиолдох хүүхдийн уналт таталтууд, хөдөлгөөний  эмгэгийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэн чухал сэдвүүдийг сонгон дэвшүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг хэлэлцсэн. Мэдрэлийн эмч нар, хүүхдийн мэдрэлийн эмч нартай анх удаа сэтгэл зүрх, хүсэл зорилгоо нийлүүлэн хамтран чуулж, багш нартайгаа санал бодол, туршлагаа хуваалцсан сургалт болсон. 

Уг сургалт нь хүүхдийн мэдрэл судлалын 2 том сэдвийн чухал хэсгүүдийг хөндсөн бөгөөд хүүхэд үздэг бүх эмч нарт хамтран ажиллах урам зоригийг өгсөн.

"Мэдрэлийн анхан шатны тусламж үйлчилгээ" сургалт Баян-Өлгий аймагт

Монголын Неврологийн Нийгэмлэг анх удаа багц цагийн сургалтыг орон нутагт зохион байгуулав. Баян-Өлгий аймгийн ЭМГ-тай хамтран харвалт, уналт таталт, анхдагч толгой өвдөлт, толгой эргэлт, нүүрний саа зэрэг түгээмэл тохиолдох мэдрэлийн өвчний оношилгоо, менежментийн талаар мэдлэг, мэдээллийг Баян-Өлгий аймгийн НЭ, мөн сумын эмч нарт олгов. Уг сургалтанд Нийгэмлэгийг төлөөлөн Ж.Ариунаа, Ж.Сарангэрэл, П.Соёлмаа нар оролцож, 2 өдрийн хөтөлбөрийн дагуу дээрх сэдвүүдийг хөндөв. 

Уг сургалт нь орон нутагт мэдрэлийн өвчний анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулав.